Wednesday, December 2, 2009

20 жилийн дараах би буюу my vision

20 жилийн дараах би буюу MY VISION
"VISION" бол япон хэлэнд маш олон утгыг илэрхийлдэг ч хамгийн гол утга нь зүрхэндээ зурах дүрс гэсэн утгыг илэрхийлэх ханз байлаа. Түүнийг утгачлавал мэдээж төсөөлөл гэх утгыг илэрхийлнэ. Энэ тайлбарыг уншаад ЛЕОНАРДО ДА ВИНЧийн хэлсэн үгийг санасан юм. <Амьдрал чамд бийр будаг өгсөн түүгээрээ өөрийнхөө диваажинг зур > гэж хэлсэн байдаг. Түүний хэлснээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө зурсаар 20 жилийн дараах би ямар байх бол.....?
Хүссэнээрээ амьдрах амархан байсан бол бүгд л өөрийн диваажиндаа байх байсан биз. Гэвч амьдралын шалгуурт зарим нэг нь бүдэрдэг. Өөрөөр хэлбэл хэцүү бэрхийг даван туулах чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй хэсэг хүмүүс байдаг. Үнэхээр хүсэл тэмүүлэл, зорилготой, эрч хүчтэй амьдарч чадвал өөрийн хүссэн зүйлдээ нүүр бардам хүрж чадах юм шиг. Чадах ч болно. Миний ирээдүй миний гарт л байгаа. Дэлхий маргааш сөнөчихгүй бол өөрийн хүссэнээрээ өөрчилж, хүссэнээрээ зурж , зохиож болно.
20 жилийн дараах би мэдээж 38 тай одоогоор аавынхаа насанд л байх нь. Залуу насны хөгшин үе, өтлөх насны залуу үе гэгдэх энэ үедээ ид хийж бүтээж байх биз.
20 жилийн дараах би энэ эссэгээ уншаад өөрийнхөө хэрхэн өөрчлөгдсөнийг болон, хэр их мэдлэгтэй , чадвартай сэтгэгч болсноо мэдрэх биз. Бас оюутан цагаа дурсан хэсэг зуурын баяр баясгалантай мөчийг мэдрэх байх. Үргэлж оргил өөд тэмүүлж, итгэл үнэмшлээр дүүрэн байдаг өөдрөг зан минь харин хэвээрээ байж мэднэ. 20 жилд хүн битий хэл дэлхий хүртэл өөрчлөгдөнө шүү дээ. Тэр үеийг би мэдэхийг , төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Ирээдүйгээ мэдчихвэл утгагүй шиг өөрийнхөө амьдралыг төсөөлөөд тэр хэв маягтаа баригдчихвал бүр ч онцгүй. Учир нь амьдрал тэр чигтээ “SURPRISE” -ээр дүүрэн байдагт оршино.
Гэхдээ амьдралын урсгалаар явна гэсэн үг биш шүү. Түүнийг даван туулж, аз туршин, гайхамшиг дундуур диваажингаа зурж алхана гэсэн үг. 
Зарим хүмүүс хувь тавилан минь бүхнийг шийднэ гэж итгэсээр хөлгүй далайд салтайгаа цуг хөвж яваа мэт амьдардаг. Энэ бол буруу. Хувь тавилан биш та өөрөө шийдэгч байх хэрэгтэй. Түүнийхээ тулд хөдөлмөрлөснөөрөө та өөрийгөө хэн гэдгээ өөрөө ч ухаарна, бусдад ч илэрхийлэх болно гэж би боддог.
Эцэст нь хэлэхэд ИТГЭЛ, ЗОРИГ, УХААРЛАА бийрэндээ түрхээд амьдралын цаасан дээр өөрийнхөө мөрийг өөрийхөөрөө зур.

монголын түүхийн цагаан толбо

Монголын түүхийн цагаан толбо
Энгийн байгаа утга нь зүгээр л нэг цагаан толбо. Ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй, ямар ч утгагүй гэхэд болохоор сүүний ч юмуу, будагны ч юм уу цагаан толбо хэдий ч түүхийн сэдэвтэй холбогдолтой болоод ирэхээр асар их утга агуулах энэ үг тодорхой бус гэж утгачлан тайлбарлагддаг. Харин би тодорхой бус гэдгийн оронд нууцлаг гэж нэрлэхээр шийдлээ. Ингээд бодоод үзэхээр тэр нууцлаг зүйлийг хэн нэгэн нь мэдэж л байх ёстойдоо гэж бодон өөрийн эрхгүй цаг хугацааны машин л надад хэрэгтэйг сайн ойлголоо. Огт боломжгүй зүйл биш гэдгийг Эйнштэйн хүртэл хэлсэн шүү дээ. Бид тэнгэрийн одыг хараад сансарын гэрэлт биет гэж ярьдаг ч яг үнэндээ болоод өнгөрсөн цаг хугацааг харж байдаг гэдгийг шинжлэх ухаан нотлоод өгсөн. Ингээд бодоод үзэхээр тэр үед камер буюу видео бичлэг хийгч байсан бөгөөд, тэр үеийг тэр чигт нь бичлэгт буулгасан бол бодит нотолгоо болж энэ бол монголын түүх гээд хэлэхсэн. Даанч харамсалтай нь хэн нэгний өөрийн үзэл бодлоор бичиж үлдээсэн хэдэн гар бичмэлийг монголын түүх гэж нэрлээд байгаа. Тийм учраас түүх тэр чигтээ цагаан толбо гэж би боддог. Цаг хугацаагаар аялаад бүгдийг нь харчихвал цагаан толбыг нь хар эсвэл, нууц биш болгож болох юм шиг.
Санамсаргүйгээр олсон нэг жишээ дурьдахад : найзтайгаа дүүгийнхээ нэрийг эмэгтэй нэр үү, эрэгтэй нэр үү гэж их маргалдсаны эцэст монголын түүхэнд ХҮСЛЭН нэртэй хаан байсныг мэдсэнээр яалт ч гүй миний зөв болох нь батлагдлаа. Гэвч түүхийн хичээл дээр , ер нь түүхийн номонд Хүслэн хааны тухай тод тусгагдаагүй байдаг. Өлзийт төмөр хааны ах Дарамбал Жежү арал дахь монголын цэргийн захирагчаар ажиллаж байхад нь түүний хүү Хайсан 1298 онд Ки Ван Ку хатантай гэрлэсэн хэдий ч хүү төрөхгүй байсан учир Хайсан 5 давхар суврага босгуулж байсан бөгөөд түүний дараа Хүслэн хаан төрсөн гэх домог яриа байдаг. Тэр сүмийг “Болор сүм” гэж нэрлэдэг бөгөөд одоо Жежүд туурь нь байдаг байна. Ингэж солонгост нутаглах болсон шалтгаан нь Тогоонтөмөр хаанаас үүдэлтэй гэдэг. Учир нь бага насандаа солонгост цөлөгдөж байжээ. Энэ тухай монголын түүхийн ямар нэг баримтанд дурьдаагүй байдаг мөртлөө солонгост гадаад бодлого баримталж байсан гэх баримт байдаг байна. Энэ мэтчилэн түүхийн цагаан толбо хязгааргүй олон байгаа.
Монголын түүхийн цагаан толбыг арай өөр өнцгөөс харж үзвэл атомууд нийлж молекул бүтээдгийн адилаар монгол үндэстэн хүн бүрийн амьдралын түүх монголын түүхийг бүрэлдүүлж болох юм шиг санагдлаа. Миний амьдралын түүх бусад хэн нэгний хувьд мэдээж цагаан толбо. Тэгвэл миний эсвэл хэн нэгний амьдралын түүхийн цагаан толбоос монголын түүхийн цагаан толбо үүсэлтэй гэх үзэл санаа минь тийм ч боломжгүй зүйл биш гэж би бодож байна. Бид бие биенийхээ амьдралын түүхийг тодорхой мэддэггүй гэдгээр тайлбарлагдаж болох юм.