Wednesday, December 2, 2009

20 жилийн дараах би буюу my vision

20 жилийн дараах би буюу MY VISION
"VISION" бол япон хэлэнд маш олон утгыг илэрхийлдэг ч хамгийн гол утга нь зүрхэндээ зурах дүрс гэсэн утгыг илэрхийлэх ханз байлаа. Түүнийг утгачлавал мэдээж төсөөлөл гэх утгыг илэрхийлнэ. Энэ тайлбарыг уншаад ЛЕОНАРДО ДА ВИНЧийн хэлсэн үгийг санасан юм. <Амьдрал чамд бийр будаг өгсөн түүгээрээ өөрийнхөө диваажинг зур > гэж хэлсэн байдаг. Түүний хэлснээр өөрийнхөө амьдралыг өөрийнхөөрөө зурсаар 20 жилийн дараах би ямар байх бол.....?
Хүссэнээрээ амьдрах амархан байсан бол бүгд л өөрийн диваажиндаа байх байсан биз. Гэвч амьдралын шалгуурт зарим нэг нь бүдэрдэг. Өөрөөр хэлбэл хэцүү бэрхийг даван туулах чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй хэсэг хүмүүс байдаг. Үнэхээр хүсэл тэмүүлэл, зорилготой, эрч хүчтэй амьдарч чадвал өөрийн хүссэн зүйлдээ нүүр бардам хүрж чадах юм шиг. Чадах ч болно. Миний ирээдүй миний гарт л байгаа. Дэлхий маргааш сөнөчихгүй бол өөрийн хүссэнээрээ өөрчилж, хүссэнээрээ зурж , зохиож болно.
20 жилийн дараах би мэдээж 38 тай одоогоор аавынхаа насанд л байх нь. Залуу насны хөгшин үе, өтлөх насны залуу үе гэгдэх энэ үедээ ид хийж бүтээж байх биз.
20 жилийн дараах би энэ эссэгээ уншаад өөрийнхөө хэрхэн өөрчлөгдсөнийг болон, хэр их мэдлэгтэй , чадвартай сэтгэгч болсноо мэдрэх биз. Бас оюутан цагаа дурсан хэсэг зуурын баяр баясгалантай мөчийг мэдрэх байх. Үргэлж оргил өөд тэмүүлж, итгэл үнэмшлээр дүүрэн байдаг өөдрөг зан минь харин хэвээрээ байж мэднэ. 20 жилд хүн битий хэл дэлхий хүртэл өөрчлөгдөнө шүү дээ. Тэр үеийг би мэдэхийг , төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Ирээдүйгээ мэдчихвэл утгагүй шиг өөрийнхөө амьдралыг төсөөлөөд тэр хэв маягтаа баригдчихвал бүр ч онцгүй. Учир нь амьдрал тэр чигтээ “SURPRISE” -ээр дүүрэн байдагт оршино.
Гэхдээ амьдралын урсгалаар явна гэсэн үг биш шүү. Түүнийг даван туулж, аз туршин, гайхамшиг дундуур диваажингаа зурж алхана гэсэн үг. 
Зарим хүмүүс хувь тавилан минь бүхнийг шийднэ гэж итгэсээр хөлгүй далайд салтайгаа цуг хөвж яваа мэт амьдардаг. Энэ бол буруу. Хувь тавилан биш та өөрөө шийдэгч байх хэрэгтэй. Түүнийхээ тулд хөдөлмөрлөснөөрөө та өөрийгөө хэн гэдгээ өөрөө ч ухаарна, бусдад ч илэрхийлэх болно гэж би боддог.
Эцэст нь хэлэхэд ИТГЭЛ, ЗОРИГ, УХААРЛАА бийрэндээ түрхээд амьдралын цаасан дээр өөрийнхөө мөрийг өөрийхөөрөө зур.

1 comment:

  1. "Амьдрал чамд бийр будаг өгсөн түүгээрээ өөрийнхөө диваажинг зур" гайхалтай үг байна. Бид харин диваажинг биш тамыг зураад байгаа мэт. Хэзээ нэгэн цагт харахад харамсахааргүй тийм мөр зураарай.

    ReplyDelete